“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

telecom

Монголын цахилгаан холбоо компанийн тухай: Компани нь анх 1921 онд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” нэрээр байгуулагдсан Монгол Улсын ууган компани. Одоогоор нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40.0 хувийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Кореа Телеком корпораци, 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын 4000 орчим иргэд байгууллага эзэмшдэг.

 

Үйл ажиллагааны чиглэл Харилцаа холбоо, мэдээллийн технологи
Гаргасан хувьцааны тоо 25,870,276 ширхэг
Хувьцааны хаалтын ханш /2017.04.28/ 526.31 төгрөг
Зах зээлийн үнэлгээ /2017.04.28/ 13,615,784,961 төгрөг
Хувьцааны төвлөрөл 94.67%

 

Монголын цахилгаан холбоо ХК-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017 оны 4 сарын 28 өдрийн 11 цагт төв шуудангийн байранд нийт 20 хувьцаа эзэмшигчдийн 95.5% ирцтэйгээр хуралдлаа. Монголын Цахилгаан Холбоо ХК-н 2017 оны ХЭХурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн ТУЗ-н дүгнэлт
  2. Компанийн 2016 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт
  3. Компанийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн ТУЗ-ийн дүгнэлт
  4. ТУЗ-ийн энгийн болон хараат бус гишүүдийг сонгох
  5. ТУЗ-ийн 2017 оны зардлын төсвийг батлах
  6. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэр, тогтоолыг танилцуулах

 

Монголын Цахилгаан Холбоо ХК-н 2017 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаас дараах шийдвэрүүдийг хэлэлцэн батлав.

  1. Компанийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн ТУЗ-н дүгнэлтийг хэлэлцэн батлав.
  2. Компанийн 2016 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг хэлэлцэн батлав.
  3. Компанийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн ТУЗ-ийн дүгнэлт хэлэлцэн батлав.
  4. ТУЗ-ийн энгийн болон хараат бус гишүүдэд нийт 10 хүн нэр дэвшсэнээс ХЭХурлаас ТУЗ гишүүд дараах байдалтай байв.
ТУЗ-ийн энгийн гишүүдээр:

  • Г.Эрдэнэбулган
  • О.Хуягцогт
  • Ц.Баяр-Эрдэнэ
  • Жу Хён Мин
ТУЗ-ийн хараат бус гишүүдээр:

  • Кан Хён Мин
  • Ж.Тамир
  • Л.Болормаа
  1. ТУЗ-ийн 2017 оны зардлын төсвийг нийт 88,961,000 төгрөгөөр батлав.
  2. Компани 2016 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн.

 

2016 оны онцлох үйл явдлууд

Компани нь 2014 онд нийт 985, 2015 онд 977, 2016 онд 856 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байсан. 2016 онд компанийн 394 нь Улаанбаатар хотод ажиллаж байсан бол үлдсэн 462 нь орон нутагт ажиллаж байв. Сүүлийн жилүүдэд давхардсан ажлын байрны тоог бууруулж ажилчдын бүтээмжийг дээшлүүлэхээр ажиллаж байгаа.

 

Компани нь доорх үндсэн 5 үйл ажиллагааны чиглэлтэй бөгөөд үндсэн үйл ажиллагааны орлогын бүтэц дараах байдалтай байна. 2016 оны борлуулалтын орлогод эзлэх хувиар

  • Суурин утасны үйлчилгээ 4%
  • Интернетийн үйлчилгээ 4%
  • Кабелийн телевизийн үйлчилгээ 2%
  • Лавлах үйлчилгээ 2%
  • Олон улсын ярианы үйлчилгээ 4%
  • Бусад үйлчилгээ 6%

 

Суурин утасны үйлчилгээ нь гар утасны хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцээд сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн тоо маш их хэмжээгээр буурч байна. Хэрэглэгчдийг тогтоон барих, цуцлалтыг бууруулах үүднээс компани нь хөнгөлөлт, урамшуулалын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.

 

Интернетийн үйлчилгээг компани нь Монгол улсын 21 аймгийн 250 сум, Улаанбаатар хотын 9 дүүрэгт үзүүлдэг ба 2016 онд орон нутгийн интернетийн хурд 2 дахин өсч үнэ нь 2 дахин буурсан байна.

 

Өнгөрсөн онд компани нь нийт 7.287 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө батлуулснаас оны эцэст нийт 2.981 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэл нийт 40.9% байсан. Гүйцэтгэх захирал хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй байсныг илтгэлдээ онцолсон.

Харин энэ онд компани нь нийт 6.537 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ба үүнээс хамгийн их буюу 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Шинээр нэгдмэл биллинг систем нэтрүүлэх” ажилд зарцуулахаар төлөвлөсөн. Энэхүү системийг нэвтрүүлснээр компани нь үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг онлайн төлбөр тооцооны системүүдтэй интеграци хийх боломжтой болох ба цаашлаад хэрэглэгчдэд үйлчилгээний багц, урамшуулал, тарифын сонголт зэргийг санал болгох боломжтой болох юм.

 

Гүйцэтгэх захирал илтгэлдээ компанийг ойрын 5-10 жилийн хугацаанд эрчимтэй шинэчилэх шаардлага тулгараад байгаа. Учир нь суурин утасны үйлчилгээ нь компанийн үндсэн бизнес бөгөөд гар утасны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр сүүлийн 2, 3 жилүүдэд суурин утас хэрэглэгчдийн тоо эрчимтэй буурч байна. Хэрэглэгчдийн тоог тогтоон барих үүднээс компани нь ШӨХТГ-д хүсэлт гаргаж суурийн утаснууд хоорондоо үнэгүй ярьдаг бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа. Хэрэв уг зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас олговол хэрэглэгчдийн тоог тогтоон барих боломжтой.

 

2017 оны үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөө

  • Гүйцэтгэх удирдлагаас 2017 онд менежментийн шинэчлэлтийг хэрэгжүүлж байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлж ирээдүйд чиглэсэн цомхон чадварлаг бүтцийг бий болгох
  • Суурин утасны гэрээ цуцлалтыг 20% бууруулна
  • Интернэтийн хэрэглэгчийн цэгийн тоог 586-р нэмэгдүүлнэ
  • Кабелийн телевизийн цэгийн тоог 1,527-р нэмэгдүүлнэ
  • Лавлах үйлчилгээний дуудлагын тоог өдөрт 2,100 болгох