Итгэмжлэл хийлгэх

Брокер, Дилерийн компанид нээлгэсэн хувьцааны дансыг зөвхөн тухайн данс эзэмшигч захиран  зарцуулах эрхтэй бол насанд хүрээгүй хүүхдийн дансыг эцэг/эх захиран зарцуулах эрхтэй байдаг.

 

Мөн итгэмжлэлээр дансыг захиран зарцуулж болох бөгөөд үүний тулд итгэмжлэл олгогч этгээд болон итгэмжлэгдэж буй хоёр этгээд өөрсдийн биеэр хугацаа нь дуусаагүй иргэний үнэмлэхтэй нотариатын газар очих шаардлагатай.

 

Итгэмжлэл дээр “ҮЦТХТөв”-ийн нэрийг  тусгахаас гадна тухайн төлөөлж буй хүнээр уг дансанд хэдий хугацаанд, ямар ямар үйлдэл хийх эрх олгож байгаагаа тодорхой зааж өгнө.

  • Үнэт цаасны хадгаламжийн данс нээлгэх
  • Данс холбох
  • Клиринг банкин дахь арилжааны дансыг нээлгэх
  • Хувьцаа, бонд худалдах, худалдан авах
  • Үнэт цаасны арилжаанд оролцох
  • “ҮЦТХТ”-ийн данснаас мөнгө гаргах
  • “ҮЦАТТ”-ны данснаас мөнгө гаргах
  • Клирингийн банкны данснаас мөнгө гаргах
  • Дансны хуулга авах
  • Үнэт цаасны үлдэгдэл шилжүүлэх хүсэлт гаргах
  • Үнэт цаасны дансны мэдээлэл засах өргөдөл гаргах
  • Холбогдох баримт бичигт төлөөлж гарын үсэг зурах гэх мэт үйлдлийг хэсэгчлэн буюу бүрнээр олгож болно.

Санамж:

Дээрх бүх үйлдлүүдийг олгосон тохиолдолд гүйлгээ 3 өөр байгууллагт хийгдэх ба итгэмжлэлийг 3 хувь хийлгэх шаардлагатай.

Хэрэв итгэмжлэл дээр зөвхөн “хувьцаа худалдан авах, худалдах” гэж тусгасан бол та энэхүү итгэмжлэлээр тухайн дансанд зөвхөн итгэмжлэлд заасан уг гүйлгээг хийх эрхтэй бөгөөд хувьцааг худалдсаны дараа данснаас мөнгө гаргуулж авах гэх мэт гүйлгээг хйих эрхгүй байдаг. Тиймээс тухайн төлөөлөгчөөрөө дамжуулж ямар төрлийн гүйлгээ хийлгэх гэж буйгаа сайтар тооцоолж итгэмжлэл олгох нь зүйтэй.