Говь (GOV:MSE) - Худалдан ав

МХБ дээрх хувьцаат компаниуд санхүүгийн тайлангаа гаргасаар байна. Тайлангаа гаргасан компаниуд дотроос HBOil (HBO), Frontier Land Group (MDR), Genco Tour Bureau (JTB) нар ашигтай ажилласан ч, төдийлөн сайн биш, Гутал (GTL), Hermes (HRM) компаниуд боломжийн ашигтай, хувьцаа нь хямдавтар харагдаж байна.

Харин Говь (GOV), Адуунчулуун (ADL) компаниудын хувьцаа нилээд хямдхан харагдаж байгаа. Адуунчулууны хувьд борлуулалт 7.1% өссөн ч, цэвэр ашиг 21% буурсан байна. Гэхдээ хувьцааны ханш унаж 1,150 төгрөг болсон учраас PE 6.9 буюу хямдавтар хэвээр байгаа.

Говь ХК-ийг харин онцолмоор байгаа юм. Эдийн засгийн хүнд үед компани борлуулалтаа 8.0% өсгөж 71.2 тэрбум төгрөг, цэвэр ашгаа 2.4% өсгөж 10.7 тэрбум төгрөгт хүргэж чаджээ. Нэгж хувьцаанд ногдох ашиг нь 1,377.7 төгрөг буюу PE харьцаа 6.1 болж байна.

Говь шиг зах зээл дээр байр сууриа олсон, зах зээлийн үнэлгээ өндөр, хөрвөх чадвартай, цаашид гадаад руу зах зээлээ тэлэх маш том боломжтой компанийн хувьд 6.1 PE-тэй байгаа нь маш хямд байгаа болгож байгаа юм. Гутал, Гермес компаниудын PE тухайлбал 13 гарч байх жишээтэй. Говь-оос 2 дахин үнэтэй байна гэсэн үг.

Угтаа хөгжингүй зах зээл дээр бол, Говийн санхүүгийн тайлан гарангуут, өөр хувьцаа авч байгаа хүмүүс шууд тэр мөнгөөрөө Говийг авч эхлэх учиртай юм. Гэхдээ тайлан гарахад ханш 8,100 байсан бол өнөөдөр 8,355 болж бага зэрэг өсчээ бас. Цаашид ч бага багаар өсөх болов уу. Говийн PE 10 болох буюу нэгж хувьцааны ханш 13,777 болсон байхад нэг их гайхаад, үнэтэй болчихлоо гэхгүй байх ёстой юм.

Санхүүгийн тайлангаа тайлагнасан компаниудаас сонголтоо хийж хувьцаа авах бол эргэлзэх зүйлгүй Говийн хувьцааг ав гэж миний хувьд хэлэх байна даа.