“БиДиСЕК ҮЦК” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж өндөрлөлөө

BDS

2017 оны 04-р сарын 26 нд БиДиСЕК ҮЦК ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 86.36%-ийн ирцтэй хуралдлаа.

Хурлаар компанийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах, Компани ногдол ашиг тараахгүй тухай ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах, ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох, ТУЗ-ийн 2017 оны төсвийг батлах болон компанийн дүрэмд өөрчлөлт оруулах гэсэн  асуудлуудыг тус тус хэлэлцэн баталсан байна.

Өнгөрсөн онд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс “Гадаад зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” нэмж авахаар шийдвэрлэсний дагуу Хороонд хүсэлт гаргасан. 2017 оны 03 сарын 22-ны өдрийн Хорооны 163 тоот тогтоолоор “Гадаад зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг олгосон. Уг үйл ажиллагааны чиглэлийг компанийн дүрэмд нэмж оруулах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулаад байна.

Өнгөрсөн онд “БиДиСек ҮЦК” ХК нь түнш SAXO банктай хамтран дотоодын харилцагчдыг Олон улсын зах зээлд хөл тавьж, амжилттай хөрөнгө оруулалт хийхэд нь туслах үүднээс “Act locally – Trade globally – Fin Tech is the future” семинар уулзалтыг зохион байгуулсан.

SAXO банк нь онлайн арилжаагаар дэлхийд тэргүүлэгч бөгөөд хамгийн орчин үеийн шилдэг технологуудыг ашиглан харилцагч нартаа хамгийн олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнийг арилжих боломжийг олгодог. Компани нь дотоодын харилцагчдаа олон улсын биржийн арилжаанд оролцох бололцоог хангах чиглэлээр тус банктай хамтран ажиллаж байна.

2016 онд компани нийт 1.5 тэрбум төгрөгийн орлого, 710 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Алдагдалтай ажиллахад гол нөлөөлсөн шалтгаан нь компанийн богино хугацаат хөрөнгө оруулалт болох үнэт цаасны зах зээлийн ханшийн бууралтаас үүсч буй бодит бус алдагдал хэмээгээд энэ үзүүлэлт нь хөрөнгийн зах зээлийн сэргэлтийг дагаад ашгийг өсгөх эерэг хандлагатай гэж санхүүгийн албанаас танилцуулав.

Компанийн 2017 оны ТУЗ-ийн ердийн гишүүдээр Б.Лхагвадорж, Д.Даянбилгүүн, Н.Батгэрэл, Жеймс Пассин, Филип Кури хараат бус гишүүдэр Хитоши Тани, Б.Энхбаяр, Д.Амгаланбаяр, Б.Амарсанаа нар тус тус сонгогдлоо.