ЭНЭ ОНЫ АНХНЫ IPO БОДЬ ДААТГАЛЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ.

2020 оны анхны IPO болох “Бодь Даатгал” ХХК-ийн анхдагч зах зээлийн захиалга авч эхлэх арга хэмжээ Монголын Хөрөнгийн Биржийн 6232 дахь удаагийн арилжааны цан цохихтой зэрэгцэн эхэлж байна.

“Бодь Даатгал” ХХК-ийн шинээр гарч буй IPO буюу хувьцаа нь ард иргэд, хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээл дээр гарч буй санхүүгийн салбарын шинэ бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах, өгөөж хүртэх боломжийг олгож ийнхүү хувьцааныхаа 20 хувийг хөрөнгийн зах зээлд гаргаснаар олон нийтэд олгож байгаа юм.

“Бодь Даатгал” ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдсан, 25 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй, даатгалын салбарын тэргүүлэгч, ууган компаниудын нэг билээ. Компани нь 21 аймаг, 330 суманд 22 салбар, 650 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан хөдөө орон нутгийг бүхэлд нь хамарсан дэд бүтцээр дамжуулан зах зээлд хамгийн олон буюу 70 гаруй даатгалын бүтээгдэхүүнийг санал болгон ажиллаж байна.

Бодь даатгал ХХК нь 2014 оноос Франц улсад төвтэй эрүүл мэндийн даатгалаар дэлхийд тэргүүлэгч АХА групптэй давхар даатгал, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн компани нь insurtech технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн цахим даатгалын үйлчилгээгээр салбартаа манлайлан, нөхөн төлбөрийг харилцагчийн хүссэн сошиал сувгуудаар дамжуулан хамгийн богино буюу 20 минутад багтаан шийдвэрлэж байна.

Бодь даатгал ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 12 сарын 27-ний өдрийн 440 тоот тогтоолоор  үнэт цаасаа нийтэд санал болгон арилжаалах зөвшөөрлийг аваад байна.

Компани нь стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 113 төгрөгөөр, олон нийтэд захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд санал болгон худалдаж, нийт 5.3-5.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг хөрөнгө оруулалт, инноваци технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөжээ.
Өнөөдөр ийнхүү Монголын Хөрөнгийн Бирж дээр цан цохисноор Бодь IPO-ийн анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацаа эхэлж байгаа бөгөөд сонирхсон хөрөнгө оруулагчид 2020 оны 06 сарын 08-ны 16:00 цаг хүртэл Үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалгаа өгөх боломжтой.

IPO-ны Тэргүүлэгч Андеррайтераар “БиДиСЕК ҮЦК”ХК, хамтрагч Андеррайтераар “Гаули”ҮЦК ХХК, Хуулийн зөвлөхөөр “Өмгөөллийн ИЭлси” ХХН, Үнэлгээний байгууллагаар “Гэрэгэ Эстимэйт” ХХК, Аудитын байгууллагаар “БДО Аудит” ХХК нь тус тус хамтран ажиллаж байна.

Хувьцааны тухай мэдээлэл:

Санал болгох хувьцааны тоо 47,063,944
Санал болгож буй хувь 20%
Санал болгох үнэ
Стратегийн хөрөнгө оруулагчдад Тогтоосон үнийн аргаар:  113 төгрөг
Олон нийтэд санал болгох Захиалгын бүртгэлийн аргаар: 113-135 төгрөг
Нийтэд санал болгосны дараах хувьцааны тоо 235,319,718 ширхэг
Татан төвлөрүүлэх дүн 5.3-5.6 тэрбум төгрөг
Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны ангилал I ангилал