“МИК ХОЛДИНГ”НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛНО

mik1

МИК Холдинг” компани хэлбэрээ өөрчилж, нээлттэй хувьцаат компани болохоор төлөвлөж байна. Тус компанийн “IPO” нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том хэмжээний хувьцааны арилжаа болохоор байна. Нэмэлт хувьцаа гаргах ажиллагааг Санхүүгийн Зохицуулах Хороо ээлжит хурлаарaa зөвшөөрч, энэ хүрээнд дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар компанийн нийт хувьцааны 15 хувийг олон нийтэд санал болгож байна.

 Энэ нь тус компанид хамаарах 20.7 сая ширхэг хувьцаанаас 3.1 сая ширхэг хувьцаа гэсэн үг юм. Харин Санхүүгийн Зохицуулах Хорооны хурлаар нэгжийн үнэлгээг 12 мянган төгрөг байхаар тогтоож өгчээ. Ийнхүү “IPO”-оос босгохоор төлөвлөж байгаа нийт үнийн дүн 37 тэрбум 276.7 сая төгрөг байх юм байна. Энэ oны цорын ганц “IPO” болох “Мерекс”-ийн “IPO”хувьцааны анхдагч зах зээлийн худалдаанаас 2.6 тэрбум төгрөг амжилттай босгосон бол “Бэрэн Майнинг”-ийн 130.6 тэрбум төгрөгийн “IPO” нь тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгаа юм. “МИК” нэгдлийн толгой компани болох “МИК Холдинг”-ийн нэмэлт хувьцаа гаргах ажиллагаан дээр “TDB Capital” андеррайтераар ажиллаж байгаа юм байна. 2005 оноос хойш Монголын Хөрөнгийн биржид шинээр бүртгүүлсэн 11 хувьцаат компани, 2007 оноос хойш нэмж хувьцаа гаргасан 10 хувьцаат компани байдаг. Эдгээрээс үнийн дүнгээр хамгийн өндөр нь болох “Шарын гол” хувьцаат компани 2011 онд 1.6 сая ширхэг хувьцааг нэмэлтээр гаргаж, 18.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байдаг. Тиймээс “МИК”-ийн гаргаж байгаа энэ удаагийн “IPO” үүнээс хоёр дахин өндөр дүнтэй байгааг харж болохоор байна. Анхдагч зах зээлд шинээр бүртгүүлсэн хувьцаат компаниудаас "Женко тур бюро" компани 2006 онд 8.2 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан нь хамгийн өндөр дүн болж байжээ. Монголын Ипотекийн Корпораци 293.8 тэрбум төгрөгийн “МИК Актив-7” бондыг хоёрдогч зах зээлд гаргаад байгаа бөгөөд 7 дахь удаагийн бондыг оруулан тооцвол 2013 оноос хойш нийт 1.9 их наяд төгрөгийн үнэт цаас гаргаад байна. Энэ онд л гэхэд дөрвөн удаагийн 960 тэрбум төгрөгийн бонд гаргажээ. Энэхүү бондоо гадаад зах зээлд гаргах нь зогсоод байгаа 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг цаашид үргэлжлүүлэх гарц гэж салбарынхан харж байна. Харин Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани болсноор гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө босгох эрх нь нээлттэй болж байгаа юм.

Эх сурвалж: bloombergtvmongolia.com