МОНГОЛЫН НООС, НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АМЕРИКИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАТВАРГҮЙ ЭКСПОРТЛОХООР ХЭЛЭЛЦЖЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019.07.31-ний өдөр АНУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. МУ Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим хуудсанд мэдээллэснээр тус айлчлалын хүрээнд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ, мөн хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа баттай илэрхийлсэн байна.

Тус хуулийн төсөл батлагдсанаар ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлохоос гадна хоёр улсын хоорондын худалдаа хэлэлцээр нэмэгдэх таатай нөхцөл байдал үүсэх юм. Мөн уг татварын хөнгөлөлтийн үр дүнд 1 тэрбум долларын экспорт бий болж, 200 мянган малчин айл, 30 мянган оёдолчин ажлын байртай болох боломжтойг дурдсан байна.

Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй экспортлох нь “ГОВЬ” ХК, “ ГОЁО” ХХК зэрэг ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадны улсруу экспортлодог компаниудад таатай нөхцөл байдал бий болгох юм.

Эх Сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим хуудас