Монголын финтек салбарын анхны нээлттэй бондыг “ЛэндМН ББСБ” ХК гаргахаар боллоо.

Монголын финтек салбарын тэргүүлэгч компани “ЛэндМН ББСБ” ХК хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдах “ЛЭНДМН БОНД”-ыг гаргах зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос авлаа. Энэхүү бонд нь Монголын хөрөнгийн зах зээл дээр финтек компанийн гаргаж буй анхны нээлттэй бонд юм.

“ЛэндМН ББСБ” ХК нь санхүүгийн хүртээмжтэй байдлыг технологийн тусламжтайгаар нэмэгдүүлэх цоо шинэ финтек шийдэл буюу гар утастай хүн бүрт зориулсан хамгийн хялбар цахим зээл, цахим төлбөр тооцооны шийдлийг Монголын санхүүгийн салбарт амжилттай нэвтрүүлж, өнөөг хүртэл зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалан ажилласаар байна. 2018 онд гаргасан “ЛэндМН хувьцаа” нь Монголын финтекийн салбарын анхны хувьцаа, анх удаа гар утасны аппликейшнээр захиалга авсан хувьцаа болж, захиалгын хэмжээгээрээ хөрөнгийн зах зээл дээр түүхэн шинэ рекордыг тогтоож байсан билээ.

“ЛЭНДМН БОНД” нь Монгол Улсын Татварын багц хуулиуд шинэчлэгдсэний дагуу нээлттэй өрийн бичгийн хүүгийн орлогод ногдох албан татвар 5% болж буурсны дараа гарч буй анхны нээлттэй бонд бөгөөд үүний үр дүнд хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөж авах боломжтойгоороо онцлог юм. “ЛэндМН ББСБ” ХК-ийн үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор гаргаж буй тус бонд нь 1 жилийн хугацаатай, нэг бүр нь 100,000₮-ийн нэрлэсэн үнэтэй, жилийн 17% хүүтэй бөгөөд нийт 5 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх зорилготой юм.