“МОНИНЖБАР” ХК 2015 ОНД 40.4 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ

moninjbar123.

“Монинжбар” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016.04.25-ний өдрийн 16 цагт компанийн өөрийн байранд нийт хувьцаа эзэмшигчдийн 76.6%-ийн ирцтэйгээр хуралдлаа.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралд оролцогчдын 100% саналаар дэмжин баталсан.

  1. Компанийн 2015 оны үйл ажиллагааны тайлан,
  2. Санхүүгийн тайлан,
  3. 2016 оны удирдлагын зардлын төсөв,
  4. Ногдол ашгийн тухай

 

Компанийн тухай:

Үйл ажиллагааны чиглэл

-   Дулааны болон цэвэр, бохир усны шугамын угсралт,

-   Нийтийн төвлөрсөн инженерийн байгууламж барих,

-   Барилга угсралт,

-   Цахилгаан шугам сүлжээ,

-   Зам гүүрийн ажил

Гаргасан хувьцааны тоо 15,869,233 ширхэг
Хувьцааны хаалтын ханш 110 төгрөг
Зах зээлийн үнэлгээ /2016.04.11/ 1,999,523,358 төгрөг
Хувьцааны төвлөрөл 71.3%

 

Нэг. Компанийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

2015 онд компани 30 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер шалгаруулалтад оролцож 9.42 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрхийг авсан боловч эдийн засаг хүндэрч, улсын төсөв тасалдсанаас 6.2 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна.

2015 онд шинээр болон үргэлжлүүлэн гүйцэтгэсэн барилга угсралтын ажил:

  • “Шинэ яармаг” орон сууцны хорооллын 15 км цэвэр усны шугам сүлжээг зураг төслийн хамт гүйцэтгэх ажилд “Инженерийн дэд бүтэц консерциум”-аар оролцон “Монинжбар” ХК нь ажлын 70 хувь буюу 3.22 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн,
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн усан хангамж, холбогдох барилга угсралтын ажил гүйцэтгэх 1.1 сая долларын гэрээг 2014 онд байгуулан 95%-ийг гүйцэтгэсэн ба 2015 онд үлдэх ажлыг дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн.

Урд онуудад барилга угсралтын ажлыг гүйцэтгэн техникийн болон улсын комисс ажилласан дараах ажлууд гүйцэтгэгчээс хамааралгүй зогсонги байдалд орж, гэрээг дүгнэн хүлээлгэн өгөөгүй байна:

  • Баянголын амны орон сууцны хорооллын дулааны шугамын өргөх насос станцын барилга угсралтын ажил,
  • Баянзүрх дүүргийн ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усан хангамж, усан сан, насос станцын барилга угсралтын 2-р ээлжийн ажил,
  • Дорноговь аймгийн Сайншанд хотын 50 ортой төрх эмнэлгийн барилгын ажил,

Компани 2015 онд 5.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 40.4 сая төгрөгийн ашигтай ажилласан. Нийт борлуулалтын 56% буюу 3.3 тэрбум төгрөг нь 2015 онд гүйцэтгэсэн барилга угсралтын ажлынх, 44% буюу 2.6 тэрбум төгрөг нь урд онуудад гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл санхүүжилт юм.

2015 онд орж ирэх байсан дараах ажлын санхүүжилтүүд тасалдан компани санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн хугацааг сунгаж, зээлийн хүүд 485.7 сая төгрөг төлсөн нь төлвөлсөн ашгийн түвшин буурахад нөлөөлсөн байна:

  • 2014 онд гүйцэтгэсэн 2400 м дулааны шугамын өргөтгөлийн ажлын үлдэгдэл 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтын 50% болох 1.4 тэрбум төгрөг 2016 онд орж ирэхээр төсвийн тодотголд тусгагдсан,
  • Ажил бүрэн дуусч ашиглалтанд хүлээлгэн өгсөн Сүхбаатар аймгийн Асгат сумын сургуулийн барилга угсралтын 400 сая төгрөгийн санхүүжилт,

Компани 2015 онд 80 гаруй ажилчидтай үйл ажиллагаа явуулсан. Ажилчдын урамшуулалд 15 сая, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 73 сая төгрөгийн дэмжлэг, 30 гаруй сая төгрөгийн тодорхой хугацаатай зээлийг олгож хугацаандаа төлөгдөж байна.

Хоёр. Санхүүгийн тайлан

Санхүүгийн тайлангийн үзүүлэлт /сая төгрөг/
Хөрөнгө 2014 он 2015 он Өөрчлөлт
Эргэлтийн хөрөнгө    3 539,79    3 111,83 -     427,96
Эргэлтийн бус хөрөнгө    1 359,87    1 196,97 -     162,90
Нийт хөрөнгө    4 899,66     4 308,80  -     590,86 
Эх үүсвэр 2014 он 2015 он Өөрчлөлт
Өр төлбөр    2 542,36    1 904,88 -     637,48
Эздийн өмч    2 357,30    2 403,92         46,62
Нийт эх үүсвэр    4 899,66     4 308,80  -     590,86 

 

 

 

Орлогын тайлангийн үзүүлэлт /сая төгрөг/
2014 он 2015 он Өөрчлөлт
Борлуулалтын орлого    7 164,35    5 993,13 -  1 171,21
ББӨ    5 742,55    4 630,67 -  1 111,88
Нийт ашиг    1 421,80     1 362,46  -       59,33 
Үйл ажиллагааны зардал    1 161,99    1 322,01       160,02
Үйл ажиллагааны ашиг       259,80         40,45 -     219,35
Үйл ажиллагааны бус орлого               -         11,54         11,54
Татварын өмнөх ашиг       259,80          51,99  -     207,82 
Татвар         25,51           5,36 -       20,15
Цэвэр ашиг алдагдал       234,29          46,62  -     187,67 

 

Гурав. 2016 оны удирдлагын зардлын төсөв

2015 оны удирдлагын бодит зардлыг үндэслэн, 2016 онд улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх тендерийн төсөл, үндсэн хөрөнгийн элэгдэл болон баталгааны эрхийн шимтгэл зэргийг тооцон удирдлагын зардлыг 788.1 сая төгрөг байхаар төлөвлөсөн.

Дөрөв. Ногдол ашгийн тухай

Компанийн ТУЗ-өөс 2015 оны үйл ажиллагааны ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн.