Монинжбар ХК 6,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий цэвэр ус дамжуулах гол шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Андеррайтер, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг “БиДиСек ҮЦК” ХК нь shareholder activism буюу томоохон хувь эзэмшиж буй хувьцаат компаниудын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүний хүрээнд “БиДиСек ҮЦК” ХК нь “Монинжбар” ХК-ийн Хаан банкнаас авч буй 927.6 мянган ам.долларын зээлэнд хамтран оролцож, зээлийн санхүүжилт авахад нь дэмжлэг үзүүллээ.

“Монинжбар” ХК болон “Н Эй Би” ХХК-ийн түншлэл нь НЗДТГ-ын захиалгаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгжээс хэрэгжүүлж буй 6.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Европын хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжүүлж буй ажлын гүйцэтгэгчээр шалгарч 2018 оны 4 сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу Улаанбаатар хотын Тасганы усан сангаас 3, 4-р хорооллын усан сан, баруун дүүргийн насос станц хүртэлх 8070 метр урттай Ф600мм-ийн цэвэр ус дамжуулах гол шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

“Монинжбар” ХК нь гэрээт ажлыг 2019 оны 11 сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа ба уг зээлийн санхүүжилтээр бараа материалын татан авалтыг хийснээр төслийн ажил хэвийн үргэлжилж, төлөвлөсөн хугацаанд багтаж гүйцэтгэх бололцоо хангагдлаа.

“Монинжбар” ХК нь 1956 онд байгуулагдсан ба 1992 онд Монголын Хөрөнгийн  биржид MIB хувьцааны симболтойгоор бүртгэгдсэн. Тус компани хот хөдөөгийн иргэний болон үйлдвэр, нийтийн аж ахуйн чиглэлийн барилга байгууламжууд болох халаалтын зуух, дулааны болон цэвэр, бохир усны шугамын барилга угсралт зэрэг хот, нийтийн төвлөрсөн инженерийн байгууламжийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн компани болно.

ХААН Банк нь Монгол Улс даяар нийт 537 салбар нэгжтэй үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк бөгөөд жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчид, том аж ахуйн нэгж, олон улсын байгууллагууд гэх мэт олон бүлэгт хадгаламж, зээлийн үйлчилгээг үзүүлэхээс гадна валют арилжаа, худалдааны санхүүжилт болон олон улсын төлбөр тооцооны үйлчилгээг найдвартай, тогтвортой хүргэгч банк билээ.