САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС АРД ДААТГАЛЫН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЖ, ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ.

Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаан 2018 оны 08 сарын 29-ний өдөр болж “Ард Даатгал” ХХК-ийн үнэт цаасыг бүртгэх, олон нийтэд арилжаалах зөвшөөрлийг олголоо. Ингэснээр тус компани нь нэг бүр нь 700 төгрөгийн үнэтэй, 7.5 сая ширхэг хувьцаа буюу компанийн 30 хувийг олон нийтэд санал болгож байгаа ба олон нийтээс татан төвлөрүүлэх 5.25 тэрбум төгрөгийг дүрмийн сан болон өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд зарцуулна.

Уг үйл ажиллагааны андеррайтераар “БиДиСЕК ҮЦК” ХК, хуулийн зөвлөх байгууллагаар “Өмгөөллийн ИЭлси” ХХН, үнэлгээний байгууллагаар “БДО Аудит” ХХК, аудитын байгууллагаар “Далайван Аудит” ХХК нь тус тус хамтран ажиллаж байна.

“Ард Даатгал” ХХК нь даатгалын салбарын ууган хувийн компаниудын нэг бөгөөд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ердийн даатгалын компани билээ. Компани нь өөрийн ажиллагсад, 21 аймаг дахь салбар, төлөөлөгчдөөс гадна Монгол Шуудан компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн түгээн ажиллаж байна.