"ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

“Фронтиер Лэнд Групп” ХК нь МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй ба нийт 13,750,000 ширхэг хувьцаатай компани юм. Хувьцааны хаалтын ханш 2019.12.10-ны байдлаар 299 төгрөг ба зах зээлийн нийт үнэлгээ нь 4.1 тэрбум төгрөг байна. Компани нь үл хөдлөх хөрөнгө, оффис, худалдаа үйлчилгээ, орон сууцны барилгуудыг эзэмшиж, түрээслэх үндсэн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

 

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн  ээлжит бус хурал 86.3%-ийн ирцтэйгээр нь 2019 оны 12 сарын 09-ний өдөр хуралдсан бөгөөд тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 71%-ийн саналаар батлагдлаа.

Хурлаар хэлэлцсэн асуудлууд:

 

1. Компани одоогийн байгаа үйл ажиллагааны үндсэн чиглэл дээр нэмэлтээр дараах   чиглэлүүдийг орууллаа:

 

-   Гадаад худалдаа

-   Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ

-   Менежментийн зөвлөх үйлчилгээ

-   Төслийн удирдлага

-   Програм хангамж, мэдээллийн системийн хөгжүүлэлт

-   Өгөгдөл цуглуулах боловсруулах

 

Компанийн үйл ажиллагааны чиглэлд орж байгаа дээрх өөрчлөлтийн дагуу дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдэд танилцуулж, дүрэмд өөрчлөлт орууллаа.

 

2. Компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт орсонтой холбоотойгоор ирэх онд хийгдэх ажлууд, цаашид мөрдөгдөх бизнес төлөвлөгөө болон зохих судалгаануудыг бэлтгэж танилцууллаа. Тус төслийн хүрээнд компани дижитал аудитийн үйлчилгээ үзүүлэх, хувийн хэвшлүүдэд мэдээллийн технологи болон дижитал шийдлийг үйл ажиллагаандаа оновчтой тусгах, зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулахад нь туслах зорилготой үйлчилгээнүүдийг үзүүлж ажиллахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа. Түүнчлэн өгөгдлийн боловсруулалт, хадгалалт, аюулгүй байдлын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлууд багтсан байна

 

3. Компани үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулах зорилготойгоор их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрч, батлав.

 

4. Компани өөрийн гаргасан хувьцааны 15%-ийг одоогийн хувьцаа эзэмшигчээс эргүүлэн худалдан авах тухай хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж, хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 71%-ийн саналаар батлагдлаа.

 

5. Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүй, эсхүл эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчдэд шаардах эрх үүссэнийг мэдэгдэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллахыг гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов.

 

6. Компанийн бизнесийн үйл ажиллагаанд хамааралтай бусад асуудлууд, цаашдын төлвийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүллээ.