ХААН БАНКНЫ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗОХИЦУУЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД БАТАЛГААЖУУЛАВ

ХААН Банк хөрөнгийн зах зээлд хөл тавьж, нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлыг энэ оны 2-р сараас эхлэн холбогдох хууль, журамд заасан хугацаанд, шат дараатай хийж байна. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөө хүргүүлэх, тайлагнах, хянах журам”-д заасны дагуу ХААН Банк Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад 6-р сарын 30-ны өдөр төлөвлөгөөгөө албан ёсоор хүргүүлээд байсан билээ.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос ХААН Банкны нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөг шалгуурыг бүрэн хангасан, хэрэгжүүлэх боломжтой хэмээн дүгнэн баталгаажуулаад байна. Ингэснээр ХААН Банк төлөвлөгөөний дагуу нээлттэй хувьцаат компани болох дараагийн шатны ажлуудаа хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.

Монгол Улсын хамгийн том, нөлөө бүхий, хамгийн олон харилцагчтай ХААН Банк хөрөнгийн зах зээлд хөл тавьж, хувьцаат компани болон бүртгэгдсэнээр хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэц болно гэж үзэж байна.

Source: www.khanbank.com