“ХАЙ БИ ОЙЛ” ХК-ИЙН ХЭХ-ИЙН ТЭМДЭГЛЭЛ

hbo

Хай Би Ойл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016 оны 04 сарын 22-ны өдөр 87.77%-ийн ирцтэй 15 хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.

- Компанийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан

- Компанийн аудитын хорооны тайлан

- 2016 оны ажлын төлөвлөгөө

- ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийн танилцуулга

- ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын 2016 оны зардлын төсөв

- Компанийн ногдол ашгийн талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэр

Тус компани нь 2015 онд 718.6 мянган литр мазут борлуулж 614.0 сая төгрөгийн орлого олж, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 347.3 сая төгрөг, үйл ажиллагааны зардал 538.4 сая төгрөг гарч нийт 107.9 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Компанийн аудитлагдсан тайлангаас1 үзвэл нийт хөрөнгө 9,429.16 сая төгрөг байгаа бөгөөд урд оноос 177.9 сая төгрөгөөр буурсан байна. Нийт хөрөнгийг дотор нь задалбал дансан дахь мөнгө 86.99 сая төгрөг, нийт авлага 3,013.47 сая төгрөг, бараа түүхий эд материал урьдчилж гарсан зардал 32.48 сая төгрөг, эргэлтийн бус хөрөнгө 6,296.22 сая төгрөг байна.

Өр төлбөр 710.83 сая төгрөгт хүрч өмнөх оноос 8,389.81 сая төгрөгөөр буурсан нь хөрвөх зээлийн гэрээг хувьцаанд хөрвүүлсэнтэй холбоотой.

“Хай Би Ойл” ХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2015.07.02-ны өдрийн 302 тоот тогтоолын дагуу 8.4 тэрбум төгрөгийн өрийг нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 42,884,686 ширхэг энгийн хувьцаанд хөрвүүлж нийт гаргасан хувьцааг 52,118,954 ширхэг болгон үнэт цаасны бүртгэлдээ өөрчлөлт оруулжээ.

Өнгөрөгч онд үйлдвэрлэл болон боловсруулах тоног төхөөрөмжид ноцтой буюу гэнэтийн эвдрэл, гэмтэл гаралүй жигд, хэвийн ажиллаж нийт 394,150 литр буюу 85,791,103 төгрөгийн түүхий эдийг гэрээтэй байгууллага, хувь хүнээс хуримтлуулж, өмнөх оны 404,317 литр бохир тосны үлдэгдлийн хамт нийтдээ 798,467 литр түүхий эд хуримтлуулсан. Үүнээс тайлант хугацаанд 658’897 литр хаягдал буюу бохир тосыг боловсруулж, нийт 718,634 литр мазутыг 635,058,090 төгрөгөөр борлуулсан үзүүлэлттэй байна.

2015 оны мазут худалдан авах гэрээгээр “Наранбулаг хан” ХХК 226 тонн, “УВТ Инвест” ХХК 280.6 тонн, “Монросцветмет” ХХК 140 тонн, “МБИндустрал” ХХК 65 тонныг тус бүр худалдан авсан. Дээрх байгууллагууд нь 2016 онд мазут үргэлжлүүлэн авах тухай мэдэгдсэн ба үүнээс “Тэгш плант” ХХК өөрийн асфальт заводод туршилтын 150 тонн мазут авахаар гэрээлсэн байна. Туршилт нь амжилттай болбол худалдан авах хэмжээгээ нэмэгдүүлнэ гэжээ.

Урьд өмнө нь бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн зам барилгын компаниуд энэ онд хийгдэх ажлын хэмжээ тодорхойгүй байгаагаас хүлээлгийн байдалтай байна. Эдгээрээс “Ялгуусан” ХХК нь мазутаар халдаг асфальт завод шинээр барьж байгаа бөгөөд үйлдвэр нь ашиглалтанд орсон тохиолдолд мазут худалдан авах гэрээ хийхийг зөвшөөрсөн аж.

Компани нь 2016 онд нийт 765.0 сая төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөж байгаа боловч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж бүтээгдэхүүн худалдан авагчдын чадамж муудсан, мөн борлуулалтыг дэмжих зорилгоор үнээ хямдруулсан зэргээс дүгнэвэл алдагдалтай гарах төлөвтэй байгаагаа компанийн удирдлагууд хэлж байв.

Цаашид ашигт ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд ажилласан тосноос дизель түлж гарган авах үйлдвэр байгуулах талаар санаачлага гарган судалж байна гэв. Одоогийн үйлдвэр мазут болон гидрийн шингэн үйлдвэрлэх боломжтой ч гидрийн шингэний хувьд хязгаарлагдмал хэрэглээ /зөвхөн газар тариалангийн компаниуд хэрэглэхээр/, үнэ зэргээс хамаарч ашиг гарахгүй байгаа тул үйлдвэрлэдэггүй.

Иймд үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс дизель түлш боловсруулах үйлдвэрийг сонирхож байгаа бөгөөд үүнд ази стандартаар премиум, европынхоор евро 4 стандартын  түлш үйлдвэрлэх боломжтой технологийг сонгон судалж байгаа аж. Судалгаа дуусч төслийг хэрэгжүүлэхүйц таатай нөхцлүүд /үйлдвэр болон хөрөнгө оруулалт/ бүрдсэн тохиолдолд Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэв.

Хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж буй төслийн талаар

“Хай Би Ойл” ХК нь Малайз улсад бүртгэлтэй өөрийн охин компани болох HBOil (L) Berhad компанийн салбарыг БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод нээсэн.

HBOil (L) Berhad компани нь тус улсын үндэсний газрын тосны хайгуулын компани болох “Korea Oil Exploration Corp” компанитай хамтарсан төслийн хүрээнд нь БНАСАУ-ын эх газарт газрын тосны хайгуулын үйл ажиллагааг явуулах зорилготой.

Хойд Солонгостой холбоотой үйл ажиллагааг 2015 онд харьцангуй бага зардалтайгаар явуулсан бөгөөд томилолтын тоо эрс цөөрсөн гэв. Түүнчлэн Пхеньян хот дахь Янгагдо зочид буудалд байрлах геологийн мэдээллийн төвийг байгуулсан ба шаардлагатай тоног төхөөрөмж, техник хангамж болон программ хангамжийг суурилуулж, улмаар БНАСАУ-д газрын тос байгалийн хийн чиглэлээр хийгдсэн бүх хайгуулын мэдээллүүд, геологи геофизикийн болон техникийн мэдээллүүдийг олж авч нэгтгэх, дахин боловсруулах, хөрвүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Улмаар гэрээний хугацаа дууссантай холбогдуулан датарумыг Улаанбаатарт шилжүүлэн авчрахаар тохиролцож 11 сард датарумыг буулгасан. Уг датарумыг шилжүүлэхийг Хойд Солонгос зөвшөөрсөн байгаа ч датарумын мэдээллийн ашиглалтанд хяналт тавих мэргэжилтэнг томилох асуудалд хариу өгөхөөр хүлээгдэж байгаа аж.

Компани нь уг геологийн мэдээллийг ашиглан БНАСАУ дахь газрын тосны төсөлд олборлолт хийх компаниудыг сонгон шалгаруулж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллах эрхтэй. Иймд тус датарумыг УБ-т шилжүүлэн авчирч мэдээлэл ашиглах асуудал туйлын чухал юм. Өнгөрсөн хугацаанд компани геологийн товч мэдээлэл бүхий танилцуулгыг ОХУ болон Итали улсын томоохон газрын тосны компаниудад хүргүүлж хамтран ажиллах тодорхой саналыг тавиад байгаа аж. Бүх хайгуулын ажлын тайлан, сайзмын мэдээлэл англи хэл дээр орчуулагдан хадгалагдаж байгаа гэв.

Хай Би Ойл ХК

HBO: MO

Хураангуй:

 

 

Хувьцааны тоо

Зах зээлийн үнэлгээ

Хаалтын ханш

52 долоо хоног

Нэрлэсэн үнэ

ХНХөрөнгө

Нийт хөрөнгө

Өөрийн хөрөнгө

Нийт өр төлбөр

Борлуулалт

Цэвэр ашиг

BV

52,118,954 ш

17,511,968,544 төг

336 төг

330-500 төг

100 төг

5,211,895.4 мян.төг

9,714,513.2 мян.төг

9,014,984.0 мян.төг

688,529.2 мян.төг

613,966.8 төг

(107,926.0)

167.28

 

 

 

Компанийн холбогдох этгээд

Гүйцэтгэх захирал: Ө. Хүдрээ
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд:

Б. Лхагвадорж ердийн гишүүн

Ө. Хүдрээ ердийн гишүүн

Б. Пүрэвбаатар ердийн гишүүн

Д. Даянбилгүүн ердийн гишүүн

Кэйт Беннет ердийн гишүүн

Майкл Рего ердийн гишүүн /шинээр сонгогдсон/

М. Батсүрэн хараат бус гишүүн

Х. Батхишиг хараат бус гишүүн

Сий Кок Хенг хараат бус гишүүн

Таваас дээш хувь эзэмшигчид:

Hermes Petroleum(L)Berhad 33.25%

Firebird Mongol Holdings A S.A.R.L 18.86%

FB Global Master Holdings-2 S.A.R.L 13.01%

Triton energy limtied 8.00%

“БиДиСЕК ҮЦК” ХК 6.98%