ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН “БИДИСЕК ҮЦК” ХК-ИУД ҮНЭТ ЦААСНЫ ТӨЛБӨР ТООЦОО ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

bdsec__tdb_logoМонгол Улсын санхүүгийн зал зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк болон хөрөнгийн зах зээлийн хамгийн том үнэт цаасны компани болох “БиДиСЕК ҮЦК” ХК /BDSec:MO/-иуд хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгууллаа. 

Худалдаа, хөгжлийн банк нь 2012 оны 4 сард Клирингийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл, 2014 оны 10 сарын 21-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд Кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан анхны банкуудын нэг юм. Харин “БиДиСЕК ҮЦК” ХК хөрөнгийн зах зээлийн дотоод харилцагчдын 25 хувь, гадаад харилцагчдын 56 хувьд үйлчилгээгээ хүргэдэг бөгөөд хоёр байгууллага нь хамтран ажилласнаар үнэт цаасны төлбөр тооцоо хийх банкаа харилцагч чөлөөтэй сонгох, өөрийн мөнгөн хөрөнгийг хамгийн эрсдэлгүйгээр удирдах бололцоог харилцагчиддаа олгож байна.

Үүний зэрэгцээ хамгийн том зээлдүүлэгч, санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч болох арилжааны банк болон хамгийн олон компаниудад үнэт цаас гаргахад андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн үнэт цаасны компанийн хамтын ажиллагаа нь үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд олон хувилбартай санхүүжилтийн хэрэгсэл санал болгох чиглэлд цаашид хамтран ажиллах боломжийг нээх болно.

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон болон “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн нар энэхүү гэрээний ач холбогдолыг “Үнэт цаасны Зах Зээлийн тухай” шинэ хуулийн дагуу Клиринг банк болон Кастодиан банкны үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлэгч “Худалдаа, хөгжлийн банк”-аар дамжуулан авснаар “БиДиСЕК ҮЦК” ХК нь гадаадын томоохон мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангуудыг Монголд хөрөнгө оруулалт хийлгэх боломжийг бий болгож, Монголын Хөрөнгийн Зах Зээлд томоохон түлхэц өгч хөрөнгө оруулалтын шинэ давалгааг бий болгоно гэдэгт итгэж, санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.

“ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК” ХХК

“Худалдаа хөгжлийн банк” нь Монгол улсын ууган арилжааны банк бөгөөд өнөөдрийн байдлаар 5.88 их наяд төгрөгийн активаараа банк санхүүгийн зах зээлийн 26.9% -ийг, мөн 720.24 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөөр зах зээлийнхээ 30.9% -ийг тус тус дангаараа бүрдүүлж байгаа Монгол улсын хамгийн том банк юм.

Монгол улсаас анх удаа ХХБ олон улсын санхүүгийн зах зээлд  2007 оноос өнөөдрийг хүртэл нийт 6-н удаа бондоо амжилттай арилжаалж, дэлхийн хэмжээний томоохон шагналуудыг хүртэж, олон улсад танигдаж, дэлхийд үнэлэгдсэн Монголын арилжааны банк болон өсөн хөгжиж байна.

“БиДиСЕК ҮЦК” ХК

“БиДиСЕК ҮЦК” ХК нь 1991 оноос хойш хөрөнгийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Монголын хөрөнгийн биржийн А самбарт арилжаалагддаг, ТОП 20 хувьцаат компанийн тоонд 2006 оноос хойш багтаж ирсэн бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд үнэт цаасны арилжааны 27-91% хүртэлхийг дангаар хийж гүйцэтгэсэн нь манай компанийн тогтвортой байдал, захиалгын хамгийн сайн гүйцэтгэгч гэдгийг илэрхийлдэг.

Мөн санхүүгийн тогтвортой байдал, компанийн сайн засаглал зэргээр үнэлгээ өгдөг олон улсын Global finance сэтгүүлээс манай компанийг “Best brokerage” болон “Best investment banking”-иар тус тус тодруулан өргөмжилсөн.

Андеррайтерын үйл ажиллагааны хүрээнд үндэсний компаниудад хөрөнгийн зах зээлээс нийт 71 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хувьцаа, хувийн хөрөнгө оруулалт, бонд болон хувьцаанд хөрвөх үнэт цаас, зээл хэлбэрүүдээр босгосон.

ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

“БИДИСЕК ҮЦК” ХК