“ХӨХ ГАН” ХК ҮЙЛДВЭРЭЭ ДАХИН ЭХЛҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

2008 онд "Монголын Хөрөнгийн Бирж" дээр олон нийтэд хувьцаагаа гаргаж нээлттэй компани болсон "Хөх ган" ХК нь ангижруулсан төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаагаа дахин сэргээхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд үйлдвэрийн хэвийн ажиллагаанд шаардлагатай зайлшгүй шинэчлэх, солих, зарим тоноглолыг автоматжуулах зэрэг ажлуудын төлөвлөгөөг гарган ТУЗ-ийн хурлаар танилцуулж шаардлагатай төсөвийг батлуулахаар төлөвлөж байгаа аж.

Тус компанийн ангижруулсан төмрийн үйлдвэр 2015 оноос хойш түр зогсоод байсан бөгөөд өнөөдрийн байдлаар компани нь өөрсдийн нөөц боломжид түшиглэн 2018 оны 06 сарын 05 өдрөөс эхлэн нүүрс хийжүүлэх 2-р зуух болон 1-р тунель зуухыг ажиллуулахын өмнөх засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэн 2018 оны 7 дугаар сард дуусгах төлөвлөгөөтэй байна.

"Хөх ган" ХК-ийн ангижруулсан төмрийн үйлдвэр нь 2009 оны 10 сард ашиглалтанд орсон ба жилдээ 40,000 тн төмрийн хүдрийн баяжмалыг шууд ангижруулах технологиор боловсруулж, үйлдвэрийн 2–р шугам нь 30,000 тн, 92-98%-ийн агуулгатай шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай.
Шууд ангижруулах технологи нь хамгийн сүүлийн үеийн шинэ технологи бөгөөд уг үйлдвэр нь Монгол улсын энэ чиглэлийн анхдагч үйлдвэр юм.
Тус компанийн үйлдвэрлэдэг шууд ангижруулсан төмөр нь хаягдал төмөр, ширмийг бүрэн орлох чадвартай, сайн чанартай гангийн түүхий эд болдог.
Компанийн хувьцааны хаалтын ханш 2017 оны эхээр 53.56 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 118 төгрөгт хүрсэн нь сүүлийн нэг жил гаруй хугацаанд 120%-иар өссөн үзүүлэлт юм.
"Хөх ган" ХК-ийн 52.54%-ийг эзэмшиж буй "Бэрэн групп" нь сүүлийн жилүүдэд уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж компанийн бодлого стратегийг шинэчлэн тодорхойлж одоогийн байдлаар хүнс-хөдөө аж ахуйн чиглэлийн хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай-хүнд үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, барилга-үл хөдлөх хөрөнгө гэсэн 4 томоохон салбарт үйл ажиллагаа явуулдаг, дотоодын болон гадаадын зах зээлд 100 гаруй төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн буюу жилдээ сая гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлдэг бие даасан 13 компани, 1500 гаруй ажилтантай группын зохион байгуулалт бүхий томоохон компани юм.