Старт-ап компаниудад хөрөнгө оруулалт хийж байна

   “БиДиСЕК ҮЦК” ХК нь “Грийн нэст” стартап компанитай хамтран ажиллах, барилгын материалын зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргах, эрүүл мэндийн чиглэлээр смарт төхөөрөмж нэвтрүүлэх чиглэлүүдийг дэмжихээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар боллоо.
“Грийн нэст” ХХК нь дээрх чиглэлүүдээр 2016-2018 оны хооронд судалгаа шинжилгээ хийж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тохиромжтой үнэ бүхий сайн чанарын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа, тухайн зах зээлд удаан ажиллаж байсан туршлагатай хамт олон байгуулсан компани юм. “БиДиСЕК ҮЦК” ХК нь хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд, хөрөнгө оруулалтаар дэмжих, цаашид санхүүгийн асуудлыг шийдэх, санхүүгийн менежмент, маркетинг болон хүний нөөцийн хүрээнд харилцан туслалцах, дэмжих  ажиллагаанууд явуулах болно.

      “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн хувьд үндэсний томоохон компаниудад хөрөнгө оруулалт шууд болон шууд бусаар олон нийтээс болон хаалттай хөрөнгө оруулалт татахад зуучлах, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулагч нарт хөрөнгөө өсгөх, үнэт цаасаарх хөрөнгө оруулалтыг үр ашигтай зуучлах ажлуудыг хийдэг. Мөн Монгол улсад анх удаа үндэсний томоохон компаниудын нэгдлийн зөвлөгөө өгөх, давхар бүртгэлийг хийх зэрэг ажлуудыг амжилттай хийж байсан туршлагатай хамт олны дээр, жижиг дунд үйлдвэрлэл аж ахуйн нэгжүүдэд, хаалттай болон нээлттэй бондоорх хөрөнгө оруулалт хийх, хувьцаа эзэмших зэргээр дэмжин ажилладаг. “БиДиСЕК ҮЦК” ХК өөрийн харилцагч хөрөнгө оруулалтын сангууд, мэргэжлийн хөрөнгө оруулалтын компаниудын хамтаар стартап компаниудад хөрөнгө оруулалт хийх ажлыг 2008 оноос хийж байгаа юм.