МХБ дээр ойрд өсөх шаанстай хувьцаанууд юу байна вэ?

МХБ дээр ойрд өсөх шаанстай хувьцаанууд юу байна вэ? Миний харж байгаа хувьцаанууд гэвэл АПУ (APU), Улсын Их Дэлгүүр (UID), Талх Чихэр (TCK), Говь (GOV) гэх мэт байна. Ингэж үзэж буй шалтгаануудаа товч дурдвал:

1.  Дээрх компаниудын хувьцааны хөрвөх чадвар харьцангуй сайн байдаг. Өөрөөр хэлбэл буцааж зарж чадахгүй байх эрсдэл бага.

2. Ерөнхий тоон үзүүлэлтүүд, санхүүгийн харьцаанууд, мөн 2015 оны эцсээр санхүүгийн үзүүлэлтүүд сайн гарах магадлал өндөр байгаа.

Түүнчлэн компани тус бүр дээр давуу талууд байна.

АПУ - томоохон хөрөнгө оруулалтууд дууссан, зардал буурсан. УИХ дээр АПУ-д эерэгээр тусахаар "Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль' яригдаж байгаа. Батлагдах магадлал нилээн өндөр гэж бодож байна.

УИД - Олон жил тэрбум, тэрбумын алдагдалтай ажиллаж ирсэний эцэст энэ жил чамгүй ашигтай гарахаар харагдаж байгаа. Түүхэндээ хоёрхон удаа ногдол ашиг тараасан байдаг. Энэ жил ногдол ашиг тараах болов уу.

Талх Чихэр - Олон компанийн борлуулалт буурч, үүд хаалгаа хааж буй сүүлийн хэдэн жилд тогтмол орлого, ашиг нь өсч буй компани бол Талх Чихэр. Талх, нарийн боовны хэрэглээ жил ирэх тусам өсч байгаа нь статистик тооноос харагддаг. Талх Чихэрийн хувьд инновацийг амжиллтай хэрэгжүүлэн, техник технологио томтмол шинэчлэн, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг маш сайн мэдэрдэг гэж боддог. Хувьцаа нь дутуу үнэлэгдсээр байгаа гэж бодож байна.

Говь - Орлогынх нь тал орчим хувь нь ам.доллараар орж ирдэг нь доллар чангарч буй өнөө үед компанид ашигтай байгаа. ЭЗ-ийн нөхцөл байдалтай холбоотой борлуулалт төдийлөн өсөлттэй биш байгаа болов уу. Гэхдээ экспортын зах зээл гэж асар том зах зээл байна. Нэг эвээ олоод олон улсад гарчихвал 66 тэрбум төгрөгийн үнэлгээтэй энэ компани хэд дахин ч өсөж магадгүй. Энэ жил бас АСЕМ гэж бөөн худалдан авагчид ирж байгаа. Тэдний багагүй хэсэг нь Говь-оор зочилж, худалдан авалт хийх нь дамжиггүй.

 

Дээрх компаниудын хувьцаа бүгд л байх ёстой ханшаасаа хямд байсаар л байх шиг байна. Гол өсөхгүй байгаа шалтгаан нь ерөнхий зах зээлийн идэвхгүй нөхцөл байдал. Тэрнээс компани тус бүрээр нь авч үзэхээр яалт ч үгүй хямд байгаад байдаг.

Хэзээ нэгэн цагт зах зээл сэргэнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувьцаа сонирхогчид эргэж гарч ирнэ. Энэ үед дээрх хувьцаанууд хамгийн эрэлттэй байх ёстой. Эрэлт нэмэгдээд ирэхээр ханш өсөх нь тодорхой.

Хамгийн гол нь эргэлтийн цэг хэзээ вэ? Одоо үүнээс цааш унах магадлал байгаа юу?

Миний хувьд ингэж бодож байна. Сонгууль аятайхан болж өнгөрвөл, тэр үеэс хөрөнгө оруулагчид бага зэрэг идэвхжиж эхлэх болов уу. Гэхдээ боломжтой үеийг хэт хүлээж байгаад сайхан боломжийг алдаж болно.

Ер нь бол дээрх хувьцаанууд өсөх "ёстой". Унах магадлал тун бага байх ёстой хувьцаанууд гэж бодном.