Хувьцаат компаниуд санхүүгийн тайлангаа тайлагнаж эхэллээ – Женко Тур

МХБ дээр бүртгэлтэй компаниуд жил бүрийн 2-р сарын 15-нд санхүүгийн тайлангаа тайлагнадаг.  Сүүлийн жилүүдэд нэг авууштай юм нь МХБ-ийн цахим хуудсанд тэдгээр тайлангуудыг байршуулдаг болоод байгаа. Тухайн компанийн хувьцааг авсан, авах гэж байгаа хүмүүс санхүүгийн тайланг хагас жилээр, жилийн эцсээр анхааралтай ажиглаж байх хэрэгтэй.

Энэ жилийн хувьд хамгийн эхэнд Биржийн вэбсайт дээр тайлан нь гарсан компани бол Женко Тур Брью (ticker: JTB) байна. Тайланг эндээс харж болох нь.

Женко Тур-ын хувьд 2006 онд IPO хийж олон нийтийн хувьцаат компани болж байсан. 1990-ээд оны хувьчлалаар ХК болж байсан компаниудыг бодвол өөр, сонгодог утгаараа мөнгө босгож ХК болсон гэсэн үг. IPO-р босгосон мөнгөөрөө Цонжинболдог цогцолборт хөрөнгө оруулалт хийж, Чингисийн хөшөө бүхий цогцолборыг бий болгосон. Компанийн орлого Хөшөөт цогцолбор дахь үйл ажиллагаа мөн 13-р зуун амралтын газраас бүрддэг. Дотоодод төрөл бүрийн аялалыг санал болгохын хажуугаар компани сүүлийн жилүүдэд гадаадад монгол иргэдийг амруулах үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

blog_chinggis_statue

Тэгэхээр санхүүгийн үзүүлэлт рүү буцаад ороход компани 2015 оны эцсээр 1.0 тэбрум төгрөгний богино хугацааны өртэй, нийт өр төлбөр 1.9 тэрбум төг буюу өнгөрсөн онтой харьцуулахад 13.7% өсчээ.

Борлуулалтын орлого 2014 онтой харьцуулахад 3.9% буурч 2.9 тэрбум төгрөг болсон байна. Борлуулалтын орлого буурахад ерөнхий эдийн засгийн байдал, жуулчдын тоо буурсан зэрэг нь голлон нөлөөлсөн болов уу. Гэхдээ компани үйл ажиллагааныхаа зардлыг бууруулж чадсанаар юутай ч цэвэр ашгаа 179% өсгөж 23.4 саяаас 65.2 сая төгрөг болгож чаджээ.

Гэхдээ борлуулалт, цэвэр ашгийн хувьд бас л чамлалттай. Чамлалттай гэдэг нь хувьцааг нь авах сэдэл өгөх хэмжээнд хүрэхгүй байна гэсэн санаа. Женко Тур нийт 80 орчим сая хувьцаатай. Тэгэхээр компани нэгж хувьцаандаа нэг төгрөг ч хүрэхгүй ашиг олсон гэсэн үг.

Та энэ компанийн хувьцааг 80 төгрөгөөр авсан бол, энэ төлсөн 80 төгрөгт ногдох ашиг нь 1 төгрөг ч хүрэхгүй байна гэсэн үг. Өнөөдөр Женко Тур-ийн хувьцааны ханш 72 төгрөгтэй байна. PE харьцаа буюу үнэ ашгийн харьцаа энэ тохиолдолд 88 буюу нилээд өндөр байгаа. PE ерөнхийдөө бага байх тусмаа, тухайлбал 20-с доош байхад боломжийн гэж харж болох. Ерөнхийдөө.

Ханшийн хувьд анх нэгжийн үнэ нь 100 төгрөгөөр гарч байсан, удалгүй 300 хүрч дээд амжилт тогтоож байсан. Харин одоогоор түүхэн доод ханш буюу 72 төгрөг орчимд арилжаалагдаж байна. Эрэлт, нийлүүлэлтээс харахад цаашид ч бага зэрэг унах төлөвтэй байна.

Snapshot_2016-02-03_121250

Энэ жилийн хувьд ASEM гэж аялал жуулчлалын салбарт томоохон боломж гарч ирж байгаа. Энэ боломжийг юуны өмнө маш сайн ашиглахаар ажиллах болов уу. Ерөнхийдөө дунд хугацаанд эдийн засаг сэргээд, аялал жуулчлалын салбар босоод ирвэл Женко Тур боломжийн компани. Бусад өрсөлдөгчдөө бодвол жуулчдын заавал очих газрын нэг болсон Чингисийн морьт хөшөөний цогцолборыг тэд эзэмшиж байгаагаараа давуу талтай.

Ногдол ашгийн хувьд энэ жил бараг тараахгүй болов уу. Тараавал нэгж хувьцаанд 50 мөнгө ч  юм уу, тэр хавьцаа тарааж таарах нь. Женко Тур шиг бага үнэтэй хувьцаанаас цөөн ширхэгээр худалдаж авсан хүмүүс ногдол ашиг бага байна гэж бухимдалтай байгаа харагддаг. Энэ нь компанийн буруу биш л дээ. Тухайлбал компани 160 саяын ашиг олсон гэж үзье. Нийт 80 сая ширхэг хувьцаатай учраас нэгж хувьцаанд хуваагаад үзэхээр 2 төгрөг. Компани 160 саяын ашиг хийсэн ч таны нэг хувьцаанд ногдох ашиг нь 2 төгрөг болно. Эндээс компани 1 төгрөгийг нь ногдол ашиг болгож хувиарлаад үлдсэн 1 төгрөгийн ашгийг компанидаа авч үлдэхээр болсон гэж үзье. Тэгэхээр 10 ширхэг хувьцаатай хүн бол ногдол ашиг гэж 10 төгрөг авах нь. Ингээд бараг хүн доромжиллоо ухааны юм болдог. 800 төгрөгөөр авсан юм чинь арга байж уу дээ. Хэрвээ 800,000 төгрөгөөр авсан бол 10,000 төгрөгийн ногдол авах байж. Харин ч энэ тохиолдолд компани ашгийнхаа 50%-ийг ногдол ашгаар тараана гэдэг бол өндөр үзүүлэлэлттдээ орно. Гэтэл өөр нэг А компани нэгж хувьцаандаа 100 төгрөгний ногдол ашиг тараасан байлаа гэж бодьё. Женко Туртай харьцуулахад 100 дахин өндөр харагдаж байна. Гэхдээ болоогүй энэ хувьцааг авахад та анх хэдийг төлсөн бэ гэдгээс шалтгаална. Нөгөө 800,000-аараа тус бүр нь 10,000-ийн 80 ширхэгийг авсан гэж үзвэл ногдол ашигт 100*80=8,000 төгрөг авчээ. Тэгэхээр нөгөө 'бага'-ийг өгч байгаа Женкогоос багийг өгчээ гэсэн үг.

Дүгнэж хэлэхэд, JTB дунд хугацаандаа боломжийн өсөлт үзүүлэх компани, хувьцаа байх боломжтой. Миний хувийн бодлоор ойрын үед компанийн хувьцаа 50-60 төгрөгийн хооронд ороод ирэхэд нь худалдаж авбал алдах магадлал харьцангуй бага байх болов уу. Одоогоор түүхэн доод ханш дээрээ арилжаалагдаж байгаа ч гэсэн бас л хангалттай хямд харагдахгүй байгаа.