“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”ХК-ИЙН БОНДЫН ЭХНИЙ ТРАНЧИЙН САНХҮҮЖИЛТ АМЖИЛТТАЙ БОСЛОО

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гаргаж буй төгрөг, ам доллар хосолсон нээлттэй бондын нэгдүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжаа явагдаж 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 17 цагт амжилттай хаагдлаа.

Бондын арилжаанд нийт 973 иргэн, аж ахуйн нэгж оролцож захиалгын бүртгэлийн аргаар 103.2 тэрбум төгрөг, үнэ хаялцуулах аргаар 244.5 тэрбум төгрөгөөр худалдан авах захиалга ирүүлж нийт  347.7 тэрбум төгрөг, банкуудын дахин санхүүжилтийн гэрээний дагуу 330 тэрбум төгрөг буюу нийт 677.7 тэрбум төгрөгийн багцын санхүүжилтийг татсанаараа хөрөнгийн зах зээлийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал боллоо.

“Эрдэнэс тавантолгой”ХК-ийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор татаж буй 2 их наяд санхүүжилтийн нэг хэсэг болох бондын худалдан авагчдаар Монгол Улсын санхүүгийн салбарын томоохон  төлөөлөгчид болох Худалаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Хас Банк, Богд Банк, Төрийн Банк, Капитрон Банк оролцсонд таатай байна.

Нийт 37 Үнэт цаасны компаниар дамжуулан бондоос худалдан авсан бөгөөд эдгээрээс “ТиДиБи Капитал”ҮЦК, “Инвескор Капитал”ҮЦК, “Мирэ эссет секьюритис Монгол”ҮЦК, "Апекс капитал”ҮЦК, “Голомт Капитал”ҮЦК, "Блүмсбюри секьюритис“ҮЦК, "Бумбат-Алтай” ҮЦК, "Таван богд”ҮЦК нар хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллалаа.

Анхдагч зах зээл дээр захиалгаа өгсөн бүх оролцогчдын захиалга 100% биелж бондын нийлүүлэлт хийгдэж дансандаа орсон бөгөөд бондын хоёрдогч зах зээлийн арилжаа 2021.04.14-ний өдрөөс Монголын Хөрөнгийн Бирж дээр эхлэх болно.

Бидний ажилд ихээхэн дэмжлэг болсон Монгол Банк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв, Үнэт Цаасны Клирингийн Төв болон бусад телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон үнэт цаасыг худалдан авсан нийт хөрөнгө оруулагчдадаа, компанийнхаа хамт олонд “БиДиСЕК” ҮЦК-ийн зүгээс баяр хүргэж байна.

Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын  олон зуун иргэд, ААН, хэд хэдэн арилжааны банкны хамтын санхүүжилтээр боссон багц санхүүжилт бөгөөд компанийн цаашдын өсөлт хөгжилт, Монгол Улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр болох нь дамжиггүй юм.